Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙТ ШҮҮГЧИЙН АНХДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2021-10-11 04:31 35

Нийт шүүгчийн чуулган шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой


Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд өнөөдөр (2021.10.11) эхэллээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулахаар, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд чуулганыг биечлэн зохион байгуулахаар тус тус заасан. Хуулийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад шүүгчид чуулганд биечлэн оролцож байна.


Улсын дээд шүүхийн шүүгч, чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Мөнхтуяа ирц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгсний дараа  чуулганд оролцогчид даргалагчаа сонгов. Нийт шүүгчийн анхдугаар чуулганыг даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагчийг сонгогдсон юм.

Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт шүүгчдэд хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "...Нийгэмд шударга ёсыг тогтоох амаргүй ажлын ачааны хүндийг үүрч байгаа шүүх засаглалыг бэхжүүлж, шүүн таслах ажиллагааг боловсронгуй болгох талаар онцгойлон анхаарахыг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна...” гэж онцлов.


Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсний дараа шүүгчид чуулганы дэгийн төслийг хэлэлцэж баталлаа.

Шүүхийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-д Нийт шүүгчийн чуулганд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайланг сонсохоор заасан. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцууллаа.

Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Нийт шүүгчийн чуулганд оролцогчдод хандаж үг хэлнэ.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүнд анхан шатны шүүхээс дөрөв, давж заалдах шатны шүүхээс тав, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч нэрээ дэвшүүлжээ.

Чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн батална.

Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий Зөвлөл

ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛИУД

Санал асуулга

 

Шүүхийн тухай мэдээлэл та хаанаас авдаг вэ?

 
 

Манай сайтад

Өнөөдрийн байдлаар манай сайтад
web counter
хандалт хийгдсэн байна.