Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга

  • 2021-11-29

1962 оны 10 сарын 01-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Дархан хотын шүүх нь дарга, тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан түүхтэй.

1993 оны 06 сарын 14-ний өдөр Дархан хот дахь давж заалдах шатны шүүх нэртэй болж Ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, шүүгчээр Л.Атарцэцэг, Г.Туулхүү, Б.Рэнчинтогмид, Ч.Төмөрпүрэв нарын хүмүүс тус тус томилогдон ажиллаж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 199 дугаар зарлигаар тус шүүхийн шүүгч нар томилогдсон бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөх журмын дагуу тангарагаа өргөн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэллээ.

2016 оны 05 сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулиар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь байгуулагдаж Дархан-Уул аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамруулан үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсний дараа гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг.

Тус шүүх нь Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Ц.Амаржаргал гэсэн 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагааг явуулж байна.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ