ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ТОЙРОГ, ТОЙРОГТ НОГДОХ МАНДАТЫН ТООГ ТОГТООСОН ШИЙДВЭР ЗАХИРГААНЫ ШҮҮХИЙН ХАРЬЯАЛАН ШИЙДВЭРЛЭХ МАРГААН БИШ

2024-08-30      92     
     

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.08.07-ны өдрийн 114/ШЗ2024/0113

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2024.08.30 Процессын тойм-2

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 17 дугаар тогтоолын хавсралтаар тус Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоож баталжээ.

Иргэн Б-ээс “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолын 11 дүгээр багийн тойрогт ногдох мандатын тоо 1 байхыг хүчингүй болгуулах, хуульд нийцүүлж тойрогт ногдох мандатын тоог 2 болгохыг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

Үндэслэлээ тайлбарлахдаа “11 дүгээр багаас бага хүн амтай багт мандатын тоог 2 байхаар тогтоосон атлаа тус багт мандатын тоог 1 тогтоосон, үүний улмаас миний сонгох болон сонгогдох эрх зөрчигдсөн” гэжээ.

Шүүхээс “...уг тогтоол нь захиргааны актын гадагшаа чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон гэх шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэдэн төлөөлөгчтэй байх тоотойгоо уялдуулан уг төлөөлөгчдийг сонгох тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоох нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын шинжтэй буюу гадагшаа чиглээгүй, үүний улмаас нэхэмжлэл гаргагч Б-ийн сонгох болон зохих журмын дагуу бүртгүүлэн сонгогдох эрхийг хязгаарласан эрх зүйн шууд үр дагаврыг бий болгоогүй байна” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ