ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШИЙДВЭР ГАРГАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ХҮРЭЭНД ХЯНАНА
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.10.02-ны өдрийн 114/ШЗ2024/0140
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2024.10.15 Процессын тойм-3
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нэхэмжлэгч О, С нар хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү дугаартай бүртгэлийн Дархан-Уул аймаг Дархан сум, 11 дүгээр баг 13 хорооллын а байрны тоотод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...нэхэмжлэгч нар 2016 онд компанитай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, гэрээний дагуу төлбөрийг 100 хувь төлсөн бөгөөд тухайн орон сууцанд 2017 оноос хойш амьдарч байна. Гэтэл гүйцэтгэгч компани нь өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцны хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хэрэгт гуравдагч этгээдээр Б-г татан оролцуулсан ба бидний маргаж буй орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр түүний нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосныг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна” гэж тайлбарлан маргасан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 13620 дугаар захирамжаар О, С нарын гаргасан “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлээр компанид холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 6446 дугаар захирамжаар уг иргэний хэргийг дээрх захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж тус тус шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс “Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор иргэний болон захиргааны хэргийн шүүхийн харьяаллыг зааглахтай холбоотой холбогдох хуулийн заалтуудыг тайлбарласны дагуу одоо захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.
Шүүхээс “...О, С нар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн үйл ажиллагааны талаар маргаж байгаа боловч тухайн маргааныг хянан шийдвэрлэхийн тулд эхэлж гэрээний эрх зүйн буюу иргэний маргааныг хянан шийдвэрлэх шаардлагатай болох нь нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, бусад баримтаар тогтоогдож байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолд “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.” гэж тайлбарласны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ