ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛСНЭЭР ҮҮСНЭ

2023-01-16      601     
     

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛСНЭЭР ҮҮСНЭ
Шийдвэрийн огноо: 2022.12.13-ны өдөр №209/М2022/00104

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 

2023.01.13 Хураангуй

Нэхэмжлэгч Б нь хариуцагч У, Н нарт холбогдуулан “2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, У, Н нарын хууль бус эзэмшлээс 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан.

Талууд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1 өрөө орон сууцыг нийт 42 сая төгрөгөөр худалдахаар, худалдан авагч буюу хариуцагч нар нь уг мөнгийг 2 жилийн хугацаанд (2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор) хэсэгчлэн төлж дуусгахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлжээ. Гэвч хариуцагч нар гэрээнд заасан хугацаандаа мөнгөө бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 1 өрөө орон сууцаа чөлөөлүүлнэ гэж шаардсан байна.

Анхан шатны шүүх “хариуцагч нар гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэлгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Учир нь Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа бол тухайн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болж, худалдан авагчид өмчлөх эрх шинээр үүсдэг. Гэтэл талуудын байгуулсан гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хариуцагч нарт маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй байна.

Ийнхүү хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ (хэлцэл) нь хүчин төгөлдөр бус бөгөөд  энэ тохиолдолд талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Хариуцагч нар нь орон сууцны төлбөрт 39,990,200 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгчээс уг мөнгийг гаргуулж, хариуцагч нарт олгож, харин хариуцагч нарын эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/25946?daterange=2022-12-01%20-%202023-01-25&id=2&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Я.Туул