Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга
- 2024-05-08
Монгол Улсын шинэ Үндсэн хуульд эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнасан шүүх байгуулж болохыг хуульчлан баталгаажуулсны дагуу Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, тэдгээрийг 2004 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дагаж мөрдсөнөөр Монгол Улсад анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж байгаад шүүхийн хяналт тавьж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэл, шүүхийн тогтолцоонд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар зарлигаар Д.Нарантуяа, Д.Нямаа, Ж.Оюунчимэг нарыг шүүгчээр томилж, тангараг өргөснөөр “ Дархан-Уул аймгийн “ хэмээх тодотголтой Захиргааны хэргийн анхан шатны шүүх анх үүд хаалгаа нээж, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж ирсэн түүхтэй.
2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Шүүх байгуулах тухай“ хуулийн шинэчилсэн найруулгаар Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийг нэршлийн хувьд Захиргааны хэргийн 6 дугаар шүүх, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Шүүх байгуулах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэмээн өөрчлөн нэрлэж иржээ.
Одоо тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Нарантуяа, шүүгч Ж.Оюунчимэг, шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ гэсэн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагааг явуулж байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХ