ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИ ГАЗАР ШИЛЖҮҮЛЭН АВАХ ЭРХГҮЙ

2023-01-31      619     
     

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 114/ШШ2022/0008

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 13, Дугаар 2

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Сумын Засаг даргын захирамжаар 103913 мкв агуулахын зориулалттай газрыг А компанид 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Уг газраа Б гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэхээр гэрээ байгуулжээ.

Газрын албанд газар шилжүүлсэн захирамж гаргуулахаар хандсан боловч татгалзсан тул шүүхэд ханджээ.

Шүүх маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тодруулбал: Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэх, ашиглах харилцаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагын хооронд байхаар зохицуулсан.

А компаниас газрыг шилжүүлэн авах гэрээ хийсэн гэх Б компани нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болох нь тогтоогдсон тул Б компанид газар эзэмших эрх шилжүүлэх боломжгүй, захиргааны байгууллагын татгалзал хуульд нийцсэн гэж үзэв.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос : Шүүхийн шийдвэрийн цахим сан https://shuukh.mn/cases/3/1

Хураангуй бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг