ЭРХ, АШИГ СОНИРХОЛД НЬ ХОХИРОЛ УЧРУУЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙХАД ХИЙСЭН ҮЙЛДЛИЙГ АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ ГЭЖ ҮЗЭХГҮЙ
Шийдвэрийн дугаар: 2022/ДШМ/05
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Иргэн Х.А нь халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Э.Э-г түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс Х.А-д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Х.А-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.
Х.А-н өмгөөлөгч Ж.Э-н зүгээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “....Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Х.А нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан аргагүйн хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн байна.
Эрүүгийн хуульд “Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байх тул Х.А-н үйлдэл гэмт хэргийн шинжгүй бөгөөд довтолгооны эсрэг хийсэн хамгаалалтын шинжтэй үйлдэл байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргаж өгнө үү...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах журмаар хянахдаа гомдолд заасан хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянаж үзсэн.
Эрүүгийн хуульд “Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” ба “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж тус тус хуульчилжээ.
Иргэн Х.А, хохирогч Э.Э нар нь хоорондоо удаан хугацаанд маргалдаж муудалцсан, маргалдах явцдаа Х.А нь хохирогч Э.Э-н цээжин тус газар нь түлхэж газар унагасан болох нь гэрч Б.С, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Дээрхээс үзвэл халдлага бодитой эхэлсэн эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь тодорхой болсон үед аргагүй хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд ийм нөхцөл байдал үүсээгүй болох нь Х.А, Э.Э нарын мэдүүлэг болон хэргийн нөхцөл байдлуудаар тогтоогдож байна.
Иймд иргэн Х.А-н дээрх үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Х.А, Э.Э нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтын амьдралтай хамтран амьдрагч нар байна.
Хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд болон өмнө Х.А нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар хамтран амьдрагчийнхаа эсрэг бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг үйлдсэн, харгис хэрцгий хандаж, догшин авирлаж, тарчлаасан, эсхүл бусад эрхэд нь халдсан байдлууд тогтоогдоогүй байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөж зүйлчлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч Ж.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Санамж:
Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос
https://shuukh.mn/single_case/13636?daterange=2021-01-01%20-%202022-12-31&id=2&court_cat=2&bb=1
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар