ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ ШҮҮГЧИЙН ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр зарлигаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Өлзийсайханы Мөнх-Эрдэнэ томилогдсон бөгөөд шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу тус шүүхийн байранд зохион байгуулагдлаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Наранцацрал удирдаж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордууллаа.
Зарлиг уншиж сонордуулсны дараа Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг хамт олноо төлөөлж хэлсэн үгэндээ шүүгчийн хариуцлагатай, нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, шударга, зарчимтай, ёс зүйтэй ажиллана гэдэгт итгэж байна гээд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэж, гаргасан шийдвэр нь мэргэн байхыг ерөөв.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа шүүгч Ө.Мөнх-Эрдэнэд Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулан өглөө.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчид, мөн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокуроруудын төлөөлөл оролцож баяр хүргэлээ.
Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.1-т зааснаар шүүгч Ө.Мөнх-Эрдэнийн шүүгчийн бүрэн эрх нь тангараг өргөснөөр эхэлж байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР