ПРОКУРОР ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ДҮГНЭЛТ ХҮРГҮҮЛЭХДЭЭ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААГ БАРИМТЛАХ ЁСТОЙ

2023-05-11      761     
     

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.05.05-ны өдрийн 114/ШЗ2023/0044

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

2023.05.08 Процессын тойм-1

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус шүүхэд хандан “Эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг ирүүлжээ.

Прокурорын дүгнэлтийн агуулгаас үзэхэд, “эрх бүхий албан тушаалтан онцгой албан татварын тэмдэггүй 2 шил Лаундерс, 2 шил Финланд нэртэй согтууруулах ундааг худалдан борлуулсан гэх зөрчилд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдсон байхад хуулийн этгээдэд шийтгэл оногдуулаагүй, хувь хүнд шийтгэл оногдуулж бусдад давуу байдал бий болгосон” гэжээ.

Шүүхээс “прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдлоор хэрэг үүсгэн хянан шийдвэрлэнэ. Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг прокурорын нэгдсэн бүртгэлд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хүргүүлсэн, прокурор тухайн шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргах эрхтэй байхад 189 хоногийн дараа шүүхэд дүгнэлт гаргасан байна” гэж дүгнэв.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд прокурор шүүхэд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргах хугацааг заагаагүй ч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг баримтлах ёстой тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэдэг үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ