МОНГОЛ БИЧГИЙН БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт энэ хуулийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна, энэ хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.
Хос бичигтэн болох ажлын хүрээнд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас санаачлан Хэл шинжлэлийн ухааны магистр Ж.Эрхэмсайхан багшийн удирдлага дор “Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдийн гар бичмэлд хийсэн судалгаа”, “Мянган жилийн буурал түүхтэй Монгол бичиг соёлоо дээдэлье” сэдэвт ахисан шатны багц цагийн сургалтыг эхлүүллээ.
Монгол үндэстэн оршин тогтнох соёл, сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь монгол хүн бүрийн төдийгүй дэлхийн бичиг соёлын өв сангийн өмнө монголчуудын хүлээж байгаа эрхэм үүрэг юм.
Сургалтад Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдаж байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР