ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГА А.ЯНЖМАА ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга А.Янжмаа өнөөдөр буюу 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
Энэ үеэр тус шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг маргааны талаар болон, Тамгын газрын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ.
Мөн тус шүүхийн Тамгын газраас 2023-2024 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах болон хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор нөлөөллийн сургалтыг Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт 1500 гаран хүүхдүүдийг хамруулан зохион байгуулсан талаарх болон Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр тус шүүхийн Тамгын газарт шаардлагатай техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдсэн талаарх мэдээллийг танилцуулж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР