ХАРИУЦАГЧИЙН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БОЛГОНЫГ ШҮҮХ БАТЛАХГҮЙ

2024-11-19      59     
     

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.11.04-ний өдрийн 114/ШЗ2024/0157

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2024.11.04 Процессын тойм-4

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

           

Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн хяналтын улсын байцаагч “Т” ХК-г албан шаардлагын хариу ирүүлээгүй гэх үндэслэлээр 500.000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулахдаа шийтгэлийн хуудсанд тухайн компанийн төлөөлөгчийн нэрийг бичжээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас “...шийтгэлийн хуудсанд компанийн төлөөлөгчид торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэсэн”  дээрх шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Улсын байцаагч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүхээс “... шийтгэлийн хуудасны техникийн шинжтэй алдаа буюу бичилтийн алдаа нь захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байхад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд харшлана” гэх үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ