ТЕНДЕРИЙН МАРГААНД ЗАХИАЛАГЧ ХУУЛИАР ТУСГАЙЛАН ОЛГОСОН ЭРХЭЭ БУСДАД АМААР ШИЛЖҮҮЛЭХ ЭРХГҮЙ

2024-12-02      101     
     

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.09.05-ны өдрийн 114/ШШ2024/0025

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2024.11.30 Шийдвэрийн тойм-7

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

           

Дархан-Уул аймгийн Засаг дарга 2024 оны 000 дүгээр тушаалаар Цэцэрлэгийн барилга, 150 ор БШУЯ/20240101107 дугаар бүхий төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, техникийн тодорхойлолтыг батлан Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсний дагуу тус үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.

Улмаар  Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газар 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна.

Үүний дагуу “Б” ХХК гэрээ байгуулахаар захиалагчид хандахад Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга албан бичгээр “...уг төсөл арга хэмжээ нь эрчим хүчний өндөр хэмнэлттэй байхаар төлөвлөгдсөн. Танайх дээрх төсөл арга хэмжээтэй ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага байхгүй тул гэрээ байгуулах боломжгүй байна” гэж гэрээ байгуулахаас татгалзсан хариуг өгчээ.

“Б” ХХК уг албан бичгийг эс зөвшөөрч шүүхэд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...эрхгүй этгээд захиалагчийн өмнөөс гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг гаргасан, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан байхад үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзсан” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ19.1, техникийн тодорхойлолтын 10, 12, 13-д заасан шаардлагыг хангаагүй, Дархан-Уул аймгийн Засаг даргын өмнөөс гэрээнээс татгалзах эрхийг эдлэх эрхтэй” гэж тус тус тайлбарлан маргасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Засаг дарга буюу захиалагчаас шүүхэд “...захиалагчийн хуулиар олгосон гэрээ байгуулах эрхийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргад шилжүүлсэн шийдвэр бичгээр гараагүй, амаар олгосон” гэх тайлбарыг ирүүлсэн.

Шүүхээс “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендерт шалгарсан оролцогчтой худалдан авах гэрээг байгуулах эрх, үүргийг захиалагчид олгосон бөгөөд уг эрх, үүргийг тухайн байгууллагын холбогдох бусад этгээдэд шилжүүлж болох ч амаар шилжүүлж болох эрхийг олгоогүй байна.

Эрх зүйт төрд “Иргэний хувьд хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрнө, захиргааны байгууллага, албан тушаалтны хувьд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэх ойлголт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимтай уялдах бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасантай нийцээгүй тул хариуцагчийг захиалагчийн өмнөөс худалдан авах гэрээг байгуулах эрх, үүргийг эдлэх эрхтэй гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлтийг хийж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын дагуу маргаж буй албан бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ