КОНТРАКТЫН НӨХЦӨЛИЙГ ТАЛУУД ТОДОРХОЙ ТОХИРОЛЦОХ ЁСТОЙ

2023-01-23      402     
     

Шийдвэрийн огноо,дугаар : 2022.04.15 . 209/МА2022/00031

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

2022.01.20., хураангуй : Дугаар 01

 

       Нэхэмжлэгч Ө хариуцагч “ШГ” ХК-д холбогдуулан “контрактын урамшуулал 300,000,000 төгрөг гаргуулах”-аар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “2020 онд ажлын үр дүнг дүгнэж, тушаалын дагуу урамшууллыг бүрэн олгосон тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гомдлыг үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ө  нь хариуцагч “ШГ” ХК-ийн  ерөнхий захирлаар хоёр жилийн хугацаанд ажиллахаар 2018 онд “контрактын гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээний 2.4-т “ажлын үр  дүнг гүйцэтгэлээр дүгнэж, санхүүгийн жилийн эцэст 300,000,000 төгрөг хүртэлх урамшуулал олгоно” гэж заажээ.

Гэрээний хугацаа дуусахад хариуцагч компанийн захирлын тушаалаар Б-д гэрээний 2.4-т заасны дагуу 2018-2019 оны ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн урамшуулалд 100,000,000 төгрөг, 2019-2020 оны урамшуулалд 200,000,000 төгрөг, нийлбэр дүнгээр 300,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. 

Гэвч нэхэмжлэгч үүнийг “2018-2019 оны урамшуулал юм, харин 2019-2020 оны урамшуулал 300,000,000 төгрөг аваагүй” гэж маргасан.

Анхан шатын шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4 дэх заалтыг “талууд ажлын үр дүнг жил болгон дүгнэх бус харин гэрээний хоёр жилийн хугацаа дуусахад дүгнэж, зохих урамшуулалыг олгох” агуулгатай байна гэж тайлбарласныг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэрийг харах холбоос: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (shuukh.mn)

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа