ЦАГДАН ХОРИХ БАЙР, НЭЭЛТТЭЙ БОЛОН ХААЛТТАЙ ХОРИХ АНГИУДАД ШААРДЛАГАТАЙ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН ХОРИГДОЖ БАЙГАА ЭТГЭЭДЭД ҮЗҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

2023-03-07      407     
     

Шийдвэрийн дугаар: 2021/ДШМ/52

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Иргэн Б.Н нь иргэн Ц.Ц-н гэрт цонхоор нэвтрэн орж “Hisense” маркийн 32 инчийн зурагтыг авч 290,000 төгрөгийн хохирол учруулсан,

иргэн Д.Г-н үйл ажиллагаа явуулдаг үсчин гоо сайхны салоны хаалгыг эвдэж, орон байранд нэвтэрч гоо сайхны эд зүйлийг авч 104,000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн Г.С-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн, хүчиндэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.С-н гар утас, бэлэн 280.000 төгрөг цүнхнээс бор гэртэй түлхүүр, жижиг тэмдэглэлийн дэвтэр, зэрэг эд зүйлийг авсан,

иргэн Д.Н-н сүүжин хэлбэртэй, алтан ээмгийг хүч хэрэглэн авахаар довтлон дээрэмдэж, 783.700 төгрөгийн хохирол учруулсан, дээрэмдэх явцдаа Д.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүхээс Б.Н-н дээрх үйлдлүүдэд нийт 06 жил, 10 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

Б.Н-н зүгээс Давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...Миний бие сахрын өвчин, элэг, ходоод, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй бөгөөд энэ өвчинд хийх эмчилгээ хаалттай хорих ангид хязгаарлагдмал байдаг тул биеийн эрүүл мэндийн байдлыг минь харгалзан дэглэм бууруулж, нээлттэй хорих ангид ялыг минь эдлүүлж өгнө үү...” гэжээ.

Хоригдож буй этгээд архаг өвчтэй, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай эсэхийг хорих байрны эмнэлгийн мэргэжилтэн өдөр бүр эрүүл мэндийн үзлэг хийж, амь тэмцэх үед тусламж, үйлчилгээ эмчилгээг цаг алдалгүй хийх, түүнчлэн хорих байгууллага нь үзлэг, оношилгоо, тусламж, үйлчилгээ үзүүлэх, халдвар хамгааллын шаардлагад нийцсэн өрөө, яаралтай тусламж үзүүлэхэд шаардагдах эм, эмнэлгийн багаж хэрэгсэл, эмийн байнгын нөөцтэй байхаар Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын хамтарсан 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/142, А/47 тоот тушаалуудаар батлагдсан “Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, Хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх тухай“, 2019 оны 07 дугаар сарын 26 өдрийн А/156, А/366 тоот тушаалуудаар батлагдсан “Хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх” журмуудад тус тус заасан байна.

Энэхүү журмууд нь цагдан хорих байр, нээлттэй болон хаалттай хорих ангиудад бүгдэд үйлчлэх тул Б.Н-д шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг хаалттай хорих ангийн эмнэлгийн ажилтан үзүүлэх бүрэн боломжтой гэж үзээд Б.Н-н давж заалдах гомдлыг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах журмаар хянахдаа гомдолд заасан хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянахад тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх, Б.Н-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос https://shuukh.mn/single_case/12994?daterange=2021-01-01%20-%202022-12-30&id=2&court_cat=2&bb=1

 

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймгийн Эрүүгийн  хэргийн давж заалдах  шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Манлайбаатар