МОНГОЛ УЛСАД ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

2024-01-22      104     
     

          Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд их, дээд сургуульд “эрх зүйч” мэргэжлээр суралцаж байгаа оюутан Та бүхнийг оролцохыг урьж байна.

       Тэмцээний зорилго: “MOCK TRIAL-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь “эрх зүйч” мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын хууль хэрэглээний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, тэднийг бодит хэрэг маргаанд хууль зүйн дүгнэлт хийж шүүхийн өмнө мэтгэлцэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөн хамгаалах ур чадвар эзэмших, харилцан бие биенээсээ болон туршлага ур чадвар бүхий хуульчдаас суралцах боломжийг олгож, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд таниулах замаар шүүн таслах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг дэмжинэ.

 

Санаачлагч: Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим

 

Ерөнхий зохион байгуулагч: Монголын хуульчдын холбоо

Хамтран зохион байгуулагч: Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Захиргааны эрх зүйн хороо, Өмгөөллийн нөхөрлөлийг дэмжих хороо, түүнчлэн дараах хууль зүйн фирмүүд хамтран зохион байгуулж байна.

 

1.Өмгөөллийн Адвокат консалтинг ХХН

2.Өмгөөллийн Ананд адвокатс ХХН

3.Өмгөөллийн Анта партнерс ХХК

4.Өмгөөллийн Заяа энд Золоо зөв ХХК

5.Өмгөөллийн Легал гайд ХХК

6.Өмгөөллийн Легал полиси ХХК

7.Өмгөөллийн Монгол өмгөөлөгч ХХН

8.Өмгөөллийн Нийслэл адвокэйтс ХХК

9.Өмгөөллийн Онч нүүдэл ХХН

10.Өмгөөллийн Сноу хилл консалтанси ХХН

11.Өмгөөллийн Соёмбо легал партнерс ХХН

12.Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН

13.Өмгөөллийн Хэруга партнерс ХХН

14.Өмгөөллийн Эм Ди Эс энд хаанлекс ХХН

15.Өмгөөллийн Эрх зүйн гүүр ХХК

16.Өмгөөллийн Дэнс легал ХХК

 

Мэтгэлцээний салбар: “MOCK TRIAL-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь захиргааны хэргийн шүүхээр харьяалан шийдвэрлэдэг маргааны өгөгдлөөр дагнан зохион байгуулагдана.

Мэтгэлцээн явагдах хугацаа ба газар:

 

-2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны журмаар мэтгэлцэх 16 багийн мэтгэлцээн Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд;

-2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах шатны журмаар мэтгэлцэх 4 багийн мэтгэлцээн Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд;

-2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хяналтын шатны журмаар мэтгэлцэх 4 багийн мэтгэлцээн Монгол Улсын дээд шүүхийн байранд зохион байгуулагдана.

 

Хамрах хүрээ: Хууль зүйн дээд боловсрол олгох их, дээд сургуульд “эрх зүйч” мэргэжлээр суралцаж буй дараах шаардлага хангасан нийт 80 хүртэлх оюутан оролцоно.

-Хууль зүйн дээд боловсрол олгох их, дээд сургуулийн бакалаврын зэрэг олгох үндсэн ангийн оюутан байх;

-Захиргааны эрх зүйн ерөнхий, тусгай анги болон процессын эрх зүй хичээлийг судалсан байх;

-Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.

 

Зөвхөн тэмцээнд оролцох хүсэлтээ илэрхийлсэн хууль зүйн их, дээд сургуулиудаас дээрх шаардлагыг хангасан оюутны нэрсийг холбогдох баримтын хамт ирүүлнэ.

 

Зохион байгуулах журам: “MOCK TRIAL-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг хууль зүйн дээд боловсрол олгох их, дээд сургуулиас нэрс ирүүлсэн 80 хүртэлх оюутныг 4-5 гишүүний бүрэлдэхүүнтэй 16 багт санамсаргүй сонголтын аргаар хуваарилна.

Нэг багт нэг сургуулиас 2-оос дээш оюутан орохгүй. Баг тус бүр нэг дасгалжуулах баг-хуулийн фирмтэй хамтран ажиллана.

Хамтран зохион байгуулагч хууль зүйн фирм тус бүр сугалаа сугалж оноолт тааруулах аргаар нэг баг дасгалжуулна.

"MOCK TRIAL-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг 2 удаа техникийн зөвлөгөөний хурал хийж, зохион байгуулалтын журмыг оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулна.

Шүүхийн мэтгэлцээний журам: “MOCK TRIAL-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон “MOCK TRIAL-ЗХШ 20 жил” захиргааны шүүхийн мэтгэлцээнийг зохион байгуулах ажлын хэсгээс баталсан Шүүхийн мэтгэлцээний дүрмийн дагуу явуулна.

 

Техникийн зөвлөгөөн: “MOCK TRIAL-ЗХШ 20 жил” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг дараах техникийн зөвлөгөөнийг “Хууль зүйн үндэсний хүрээлэн, 3 давхар, Хуульчдын танхим”-д хийнэ.

2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дараах үйл ажиллагаа явагдана.

-16 багийн мэдээлэл өгөх;

-Хууль зүйн фирмүүд дасгалжуулах багаа сугалах;

-“MOCK TRIAL-ЗХШ 20 жил” захиргааны шүүхийн мэтгэлцээний дүрэм танилцуулах;

-Мандат олгох;

-Бусад асуудал

2024 оны 3 дугаар сарын 6-ны өдөр дараах үйл ажиллагаа явагдана.

-Битүүмжилсэн кейсүүд задлах;

-Оноолтыг танилцуулах;

-Бусад асуудал

Шагнал:

Тэргүүн байр (1 баг)-Өргөмжлөл, 15,000,000.00 (арван таван сая) төгрөг;

Дэд байр (1 баг)-Өргөмжлөл, 10,000,000.00 (арван сая) төгрөг;

Гутгаар байр (1 баг)-Өргөмжлөл, 5,000,000.00 (таван сая) төгрөг;

Шилдэг мэтгэлцэгч (1 оюутан)-Өргөмжлөл, 2,000,000 (хоёр сая) төгрөг.

Шагналын санг тэмцээнд дасгалжуулагчаар оролцож буй хууль зүйн фирмүүдээс бүрдүүлсэн болно.

 

Холбоо барих: "MOCK TRIAL-ЗХШ 20 жил” захиргааны шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичиг Г.Хосцэцэг (утас: 99812223)